ВИДЕО: Сансрын биетэд байшингийн дээвэр, шалаа цөмлүүлсэн гэр бүл NASA-с 80 мянган доллар нэхэмжилжээ

ВИДЕО: Сансрын биетэд байшингийн дээвэр, шалаа цөмлүүлсэн гэр бүл NASA-с 80 мянган доллар нэхэмжилжээ

Өнгөрсөн гуравдугаар сард Флорида мужийн Неаполь хотын иргэн Алехандро Отерогийн байшингийн дээвэр дээр хоёр фунт орчим жинтэй цилиндр хэлбэртэй хатуу биет унасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан. Гэрийн эзэн энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ямар нэгэн хатуу зүйл байшингийн дээврийг цоолон орж ирээд шалан дээр унаж том нүх гаргасан. Маш сонин чанга дуу авиа гарсан. Хүү минь тэр хатуу биетэд оногдох шахсан” гэж мэдэгдэж байсан юм.

Тэгвэл үл мэдэгдэх сансрын биетэд байшингийн дээврээ цөм цохиулсан гэх тухайн гэр бүл NASA-с 80,000 доллар нэхэмжилж байгаа аж.

Тухайн металл цилиндр 700 грамм жинтэй, 10 см урт, 4 см диаметртэй байжээ. Шинжээчдийн таамаглаж буйгаар унасан хатуу биет нь Олон улсын сансрын станцаас (ОУСС) унасан байж магадгүй бөгөөд ОУСС-аас унасан хуучин баттерей бүхий ачааны тавиурын нэг хэсэг гэж таамаглаж байсан юм. НАСА-гийн хэвлэлийн төлөөлөгч Жошуа Финч “НАСА уг биетийг судлаж байна. Яг юу болохыг нь тодорхойлохын тулд дүн шинжилгээ хийхээр төлөвлөж байна” гэж мэдэгдээд байсан билээ.