ШУУРХАЙ: Өмгөөлөгч Г.Батбаяр агсныг "гаднын нөлөөгүй нас барсан" хэмээн хэргийг хаахаар болж, дүгнэлтийг ар гэрийнхэнд нь танилцуулжээ

ШУУРХАЙ: Өмгөөлөгч Г.Батбаяр агсныг "гаднын нөлөөгүй нас барсан" хэмээн хэргийг хаахаар болж, дүгнэлтийг ар гэрийнхэнд нь танилцуулжээ

Өмгөөлөгч асан Г.Батбаяр дөрөвдүгээр сарын 21-22 /2024.04.21-22/-нд шилжих шөнө гэрээсээ гарч яваад сураггүй алга болж, улмаар дөрөв хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 26-ны /2024.04.26/ өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын зогсоол дээр автомашиндаа амь хохирсон байхад нь цагдаагийн байгууллагаас олж тогтоосон байдаг. 

Улмаар амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоохоор Шүүх шинжилгээний ерөнхий газраас задлан шинжилгээ хийж, хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдгийг албаныхан мэдээлж байсан билээ. Тэгвэл шүүх шинжилгээний дүгнэлтүүд эцэслэн гарч, хэргийн оролцогч нарт танилцуулсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, амь хохирогч Г.Батбаяр нь "гаднын нөлөөгүй нас барсан" гэх дүгнэлт гарч, хэргийг хаахаар мөрдөх байгууллагаас прокурорт санал хүргүүлсэн байна.

Хэрэв прокуророос мөрдөгчийн уг саналыг үндэслэлтэй гэж үзвэл өмгөөлөгч асан Г.Батбаярын амь насаа алдсан хэргийг "Гаднын нөлөөгүй" хэмээн хаах аж. Өмгөөлөгч асан Г.Батбаярыг Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын зогсоол дээр автомашиндаа амь хохирсон байхад нь цагдаагийн байгууллагаас олж тогтоосны дараа цахим сүлжээнд "түүнийг буудуулж нас барсан байдалтай олдсон" гэх мэдээлэл гарч байв. 

-С.ЧИМГЭЭ: Г.БАТБАЯРЫН ҮХЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АЛГА УЧИР ХЭРЭГ НЬ БУДИЛНА ГЭЖ АЙЖ БАЙНА-

Энэ талаар “Эвийн хүч” төрийн бус байгууллагын мэргэжилтэн С.Чимгээ нар мэдээлэл хийж, “Өнөөдөр ард түмэн үнэнийг мэдэх ёстой. Энэ бол зүгээр нэг хүн нас барсан асуудал биш монгол гэдэг улсын тусгаар тогтнол, хувь заяатай асуудал. Үүнийг бид 100 хувь аллага гэж хардаж байгаа. Юун түрүүнд Монгол Улсын хууль шүүхийн байгууллага энэ хэргийг үнэн мөнөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Энэ бол зохион байгуулалттай аллага. Бид эх орноо гэсэн олон хүнийг алдаж ирсэн. Энэ хэрэг будилна гэж айж байна. Яагаад гэвэл гэр бүлд нь өглөө задлан шинжилгээ хийнэ гэсэн атал шөнө 00:00 цагт гэрийнхнийх нь төлөөллийг нь оролцуулахгүйгээр задлан хийсэн. Задлан хийснээс нь эхлээд харвал энэ бүхэн зохион байгуулалттай нь тодорхой байна" хэмээж байлаа. 

-ЦЕГ: ӨМГӨӨЛӨГЧ АСАН Г.БАТБАЯРЫН АВТОМАШИНААС ГЭРЭЭСЛЭЛ ОЛДООГҮЙ-

Харин Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нэр дээр бүртгэлтэй галт зэвсэг, галт зэвсгийн сум, хонгио, гар утас, бусад эд мөрийн баримтыг бэхжүүлэн авч, шүүхийн шинжилгээний ерөнхий газарт хүргүүлсэн байгаа. Амь хохирогч Б нь галт зэвсэг ашиглах сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Харин амь хохирогчийн автомашинаас гэрээслэл олдоогүй" гэж байсан юм. Тэгвэл зөгий.ми мэдээллийн сайтын сурвалжлах баг дээрх хэрэг гарсны дараа хэргийн газар ажиллаж мэдээлэл бэлтгэсэн байдаг. Тус мэдээлэлд "Г.Батбаяр нь автомашиндаа цусаар бөөлжсөн, тэр хавь нь нил цус болсон байсан. Тухайн хэрэг гардаг өдөр амралтын газрын ээлжид гарч байсан ажилтан нь тэр өдрөөс хойш ажилдаа ирээгүй. Утсаа салгаад алга болсон" хэмээн мэдээлэгдсэн нь олны анхаарлыг татаж байсан юм. 

-Г.БАТБАЯР ӨӨРИЙГ НЬ ЭРҮҮДЭН ШҮҮЖ БАЙГАА ТАЛААР УДАА ДАРАА ГОМДОЛ ГАРГАСАН Ч "ТОГТООГДОХГҮЙ" ХЭМЭЭН ХААЖ БАЙЖЭЭ-

Амь хохирогч Г.Батбаяр нь нас барахынхаа өмнө Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн  1 дэх хэсэг буюу хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, худал мэдээлэл олон нийтэд тараасан гэх гэмт хэрэгт шалгагдаж байсан бөгөөд уг хэрэгт холбоотойгоор "эрүүдэн шүүгдэж байна" гэх гомдлыг хуулийн байгууллагад удаа дараа гаргаж байсан байдаг. Гэсэн ч энэ дагуу шалгахад уг нөхцөл байдал тогтоогддоггүй байсан гэх үндэслэлээр гомдлыг нь хааж байсан гэдэг.