А.Дашням: Хүүхэд тогтоол усанд осолдсон харамсалтай дуудлага бүртгэгдсэн

А.Дашням: Хүүхэд тогтоол усанд осолдсон харамсалтай дуудлага бүртгэгдсэн

Нийслэлийн Онцгой Комисс (НОК)-оос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  

НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням "Улаанбаатар хотод хоёр хоногийн хугацаанд үргэлжилсэн бороо орлоо. Улмаар Туул голын түвшин 260 сантиметрээс 340 гаруй сантиметр болж, үерлэсэн. Ингэж Туул голын үерийн түвшин 340 сантиметрт хүрсэн нь урьд өмнө тохиолдож байгаагүй. Өнөөдрийн байдлаар голын түвшин 267 сантиметрээр багасаад нийт 70 сантиметрээр татарсан талаарх мэдээллийг Ус, Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас өгч байгаа.

Онцгой байдлын байгууллагад үер усны нөхцөл байдалтай холбогдуулаад 211 удаагийн дуудлага мэдээлэл ирсэн. Үерийн үеэр хүн амь насаа алдсан нөхцөл байдал үүсээгүй. Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 29-нийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Мэргэжлийн байгууллагууд хамтран эрсдэл үүсэж болзошгүй газруудад урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Ялангуяа үерийн эрсдэлтэй бүс, аман дээр буусан айл өрхүүдэд мэдээлэл хүргэх, цаашдаа бүр албадан нүүлгэх үүрэг чиглэлтэй байгаа. 

Өчигдөр НОБГ-т хоёр удаагийн золгүй дуудлага бүртгэгдлээ. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 13 настай хүүхэд тогтоол усанд осолдож амь насаа алдсан. Мөн 41 настай эрэгтэй Сэлбэ голд санамсар болгоомжгүй байдлаар амь насаа алдсан харамсалтай осол гарлаа. НОБГ-ын аврах ангийн бүрэлдэхүүн дөрвөн хүн амь насаа алдаж болзошгүй нөхцөл байдалд шуурхай очиж, амь насыг нь аварсан. Тогтоол ус намхан эсвэл гол үерлээгүй гэж хайхрамжгүй хандсанаар амь насаа алдах эрсдэл үүсэж байна.

Өнгөрсөн долоо хоногийн Ням гарагийн 04:00 цагаас эхлээд Хан-Уул дүүргийн Биокомбинатад алба хаагчид ажиллаж байна. Тухайн бүсийн голын салаанд оршин сууж буй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Өнөөдөр голын түвшин хэвийн хэмжээнд ороогүй буюу үерийн аюултай түвшинд хэвээр байгаа. Иймд тухайн бүсийн иргэдэд гэр орон руугаа орохгүй байх зөвлөмжийг өгч байна. Аюулгүй нөхцөл байдалд шилжтэл хүлээцтэй хандахыг уриалж байна" гэлээ.