"Намууд 2020 оны сонгуулиар нефтийн үйлдвэр барина гэсэн амлалт өгч байсан ч баригдсан үйлдвэр алга" гэлээ

"Намууд 2020 оны сонгуулиар нефтийн үйлдвэр барина гэсэн амлалт өгч байсан ч баригдсан үйлдвэр алга" гэлээ

Монголын шатахуун хэрэглэгчдийн  холбооноос өнөөдөр /2024.06.25/ Монгол Улсад яаралтай шатахуун нөөцлөх нөөцийн сав барих шаардлагатай талаар мэдээлэл хийлээ.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр, “Монгол Улсын шатахууны жилийн нөөц хэрэглээ 2 сая 400 мянган тонн. Монголчууд сар бүр шатахуунаа гадаадаас импортоор авдаг. Нийт нефтийн таталтын 91 хувийг хувийн компаниуд буюу ченжүүд хийж байна. Шатахууны заавал байх нөөц 150 мянган тонн. Гэтэл Засгийн газрын нөөцлөх боломж нь 11 мянган тонн. Хэрвээ хувийн компаниуд шатахуун татахаа зогсоовол Монгол Улсад тэг зогсолт үүснэ. Тийм учраас шатахууны агуулах барих шаардлагатай байна.

Шатахууны нөөц бүрдүүлэлт дээр сонгуульд оролцож буй намууд анхаармаар байна. Намуудын зүгээс 2020 сонгуулийн мөрийн хөтөлбөртөө нефтийн үйлдвэр барина гэсэн амлалтууд өгч байсан.

Одоо баригдсан үйлдвэр алга ажлын явц нь хэчнээн хувьтай байгааг мэдэхгүй байна. Монгол Улсад 2018 оны нэгдүгээр сард шатахууны хомсдол үүсэж байсан. Дараа нь 2021 оны есдүгээр сард мөн л энэ асуудал давтагдсан. Шатахуун хомсдоод ирэхээр бүх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Үйлдвэр барихаасаа өмнө нөөц бүрдүүлэлт дээр анхаармаар байна. 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын тогтоол гарч Монгол Улсад шатахууны нөөц бүрдүүлэх журам баталсан. Журам батлагдсан байхад 2023 онд шатахууны хомсдол яагаад үүсэв. Энэ нь Засгийн газрын асуудал биш ченжүүдийн асуудал гэж харж байна. Монгол Улсын шатахууны нөөцийг ченж нэртэй хэдхэн колонкууд бүрдүүлж байна. Энэ тогтолцооноос салах хэрэгтэй. Гурван сарын хэрэглээг хангах боломжтой нөөцийн сав барих шаардлагатай байна” гэв.