Э.Тэмүүжин: Түгжрэлийг яаж бууруулах талаар намуудын мөрийн хөтөлбөрийг судалсан. Тодорхой шийдэл аль ч намд нь алга

Э.Тэмүүжин: Түгжрэлийг яаж бууруулах талаар намуудын мөрийн хөтөлбөрийг судалсан. Тодорхой шийдэл аль ч намд нь алга

"Монгол такси" компанийн дэд захирал, зам тээврийн судлаач Э.Тэмүүжин өнөөдөр /2024.06.25/ Сүхбаатарын талбайд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг нэг сарын дотор 40 хувь хүртэл бууруулах, такси компанийн монопол үүссэн талаар мэдээлэл хийлээ. Мөн энэ үеэр зарим албан тушаалтнуудыг түгжрэлийн асуудлаар мэтгэлцээнд дуудаж байгаагаа мэдэгдэв.

Тэрбээр "Улаанбаатар хотын өнөөгийн түгжрэлийн гол шалтгаан бол "халтуурчид" буюу хувь такси үйлчилгээ эрхэлдэг хүмүүс. Энэ хүмүүсийг тодорхой хуваарийн дагуу явуулаад үнэ ханшийг нь тогтоогоод өгчихвөл авто замын түгжрэл 40 хувь буурах боломжтой. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн нэг төрөл болох такси үйлчилгээг дэмжсэнээр хотын түгжрэлийг богино хугацаанд багасгах боломж бий.

Хоёр дахь асуудал нь манай салбарт үүсэж буй асуудал. Нийслэлийн нийтийн тээвэртэй байгуулсан гэрээний 4.2.1 зааснаар бол такси үйлчилгээнд явах автомашины үйлдвэрлэсэн насжилт 10 жилээс хэтрэхгүй, зөв талдаа жолооны хүрдтэй, такси стандарт шаардлага хангасан автомашиныг үйлчилгээнд нэвтрүүлэхээр шаарддаг. Хэрвээ бид нэг ширхэг буруу талдаа жолооны хүрдтэй автомашинаар таксинд явбал бидний эрхийг шууд хасна.

Энэ гэрээний 4.2.5-д нийтийн тээврийн үйлчилгээний хөлсийг тодорхой заасан байдаг. Автобус 500 такси нэг км нь 1000 төгрөг гэж байгаа. Бид нар энэ үнээс хэтрүүлж явж болохгүй. Нэг зөрчил гаргахад л 100 мянган төгрөгөөр торгуулна. Гэтэл бодит байдал дээр 1000 төгрөг байтугай 1500-гаар ч явах хүн байхгүй. Гудамжинд гараад бүгд 2000-гаар такси барьж байна.

Харамсалтай нь яг ижил бизнес хийж буй өөр нэг компанид нь энэ шаардлагаа тавьдаггүй. Тэд 50,000 гаруй жолоочтой систем бий болчхоод байдаг. Өнгөрсөн жилийн гэрээг дүгнэсэн актаар нийт 100 оноо авах боломжтойгоос 87.1 оноо авсан үзүүлэлтээр гэрээгээ сунгасан. Хэрвээ ямар нэг асуудал гаргасан бол бидний таксинд явах эрхийг шууд хаана. Төгсгөлд нь сонгууль дөхөж буйтай холбоотойгоор эрх барьж буй Монгол Ардын Нам (МАН), Ардчилсан Нам (АН), Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН) гэх мэт бүх нам, эвслийн мөрийн хөтөлбөртэй танилцлаа. Түгжрэлийг яаж бууруулах талаар намуудын мөрийн хөтөлбөрийг судалсан. Тодорхой шийдэл аль ч намд нь алга.

Өрсөлдөгчийг маань илтэд дэмжсэн намын төлөөлөл болгож Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригийг мэтгэлцээнд дуудаж байна. Өмнө нь Ж.Сүхбаатар сайдыг мэтгэлцээнд дуудсан ч ирээгүй. Түгжрэлийг бууруулах асуудлаар сүүлийн 2-3 жилд нэг их наяд төгрөг зарцууллаа. Ямар ч үр дүнд хүрээгүй. Жишээлбэл Улаанбаатар хотод 730,000 автомашины дугаар олгоно гэж яриад буй. Энэ тоо хэдийнээ 720,000 давчихсан. Сонгууль өнгөрөөд л дээд хязгаартаа тулаад цаашид дугаар олгохгүй. Мөн ХҮН намын төлөөлөл болгож Нийслэлийн ХҮН намын дарга асан П.Наранбаяр багшийг мэтгэлцээнд дуудаж байна. Энэ намд олон чадварлаг залуучууд бий. Өмнөх сонгуулиар нийслэлийн түгжрэлийг 50 хувь бууруулах амлалт өгч байсан учраас мэтгэлцээнд урилаа. Мэтгэлцээний урилгыг хүлээн авна гэж итгэж байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагынхан туслалцаа үзүүлэх байх. Мэтгэлцээнийг зохион байгуулдаг олон байгууллага бий. Нэр дурдсан хүмүүсийн хүссэн цагт мэтгэлцэхэд бэлэн байна" гэлээ. 

ВИДЕО: