“Морин хуур” найрал хөгжим, Узбекистаны Үндэсний найрал хөгжимтэй хамтарсан тоглолтыг 1500 хүн үзжээ

“Морин хуур” найрал хөгжим, Узбекистаны Үндэсний найрал хөгжимтэй хамтарсан тоглолтыг 1500 хүн үзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй анхны төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим, Бүгд Найрамдах Узбекистан Улсын үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал хөгжимтэй хамтран 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ташкент хотноо «Узбекистан» олон улсын чуулга уулзалтын ордонд уран бүтээлээ толилуулав.

Монгол, Узбекийн сор болсон 21 бүтээлийг хоршин тоглож толилуулсан тус тоглолтыг Узбекистаны төр, засаг, бизнесийн төлөөлөл, тус улсад суугаа гадаадын улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газруудын Тэргүүн нар, Монгол иргэдийн төлөөлөл зэрэг 1500 хүн үзэж сонирхов.

Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо 3,000 гаруй, дэлхийн 21 улсад 95 удаагийн 600 гаруй тоглолтыг зохион байгуулж, монголын үндэсний урлагийг олон улсад сурталчлан таниулсаар ирсэн. Морин хуур чуулгын энэхүү онцгой гавьяаг өндрөөр үнэлж, Төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээж, 2024 онд бүрэлдэхүүнийг өргөжүүлснээр Морин хуур найрал хөгжим болсон.

Монгол Улсын Гадаад харилцааны яам хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан Морин хуурын чуулгыг дэлхийн нэр хүндтэй тайзнаа уран бүтээлээ толилуулах нөхцөл боломжийг бүрдүүлж ирсэн.

Тухайлбал, тус чуулга Япон Улсын NHK телевизийн концертын их танхим, Австрали Улсын Сиднейн Дуурийн театр,  Франц Улсын Парис хотын Версалийн ордны Хааны дуурийн театр, Нант хотын Консерваторын Дебюсси танхим, БНХАУ-ын Шанхай хотын “Ягуар симфони оркестрын их танхим”-д “Монголын сайхан орон” тоглолтыг амжилттай зохион байгуулсан билээ.