УИХ-ын сонгуулийн өдөр ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг анхаарууллаа

УИХ-ын сонгуулийн өдөр ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг анхаарууллаа

УИХ-ын ээлжит сонгууль маргааш /2024.06.28/ болно. Харин сонгуулийн өдрүүдэд нутгийн дийлэнх хэсгээр дуу, цахилгаантай аадар бороотой байх төлөвтэй байна. Мөн өнгөрсөн өдрүүдэд орсон аадар борооны улмаас гол, мөрнүүд үерийн өндөр эрсдэлтэй байгаа тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, долдугаар сарын 01-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.

Иймд:

  • Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
  • Баталгаат зам, гүүрээр зорчих,
  • Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,
  • Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ