Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн бол энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа л үлдээд байгаа юм.
Иймд өмнөх онд төгссөн болон энэ онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчид зөвхөн өөрийн и-мэйл хаягаар eec.mn болон eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийлгээрэй. Ингэхийн тулд дараах материалыг бэлтгэх шаардлагатай.
Үүнд:
- Иргэний үнэмлэх
- Өнгөт цээж зураг (цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна)
- Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт, интернэт банкны QPay үйлчилгээ. ЭШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-д ирүүлнэ.