Эверестийн оргилд хөтөчгүйгээр авирсан монголын хоёр уулчин тус оргилын 4-р кемпээс дээш яваад 8000 метрийн өндөрт ор сураггүй алга болж, хоёр хоногийн турш холбоо бариагүй байгаа юм. Улмаар хөтөч үйлчилгээний “8K Expeditions” компани аврах ажиллагааг явганаар эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Тэгвэл эрэн хайх ажиллагааны явцын талаар Монголын уулчдын үндэсний хорооноос албан ёсны мэдээлэл гаргалаа. Энэ талаар МУҮХ-ны дэд ерөнхийлөгч, Эверест-2023 багийн ахлагч С.Ганхүү “Непаль улсын Катманду хотод алхалтын багтай очсон байгаа бөгөөд Монгол улсын хоёр уулчин Эверест ууланд алга болсонтой холбоотой тэдний үйлчилгээ авсан 8К экспидейшн компанитай холбогдож эрэн хайх болон бусад ажлыг координатлаж байгаа билээ. 8К экспидейшн компанитай хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож болно. Багийн 3 дахь гишүүн үндсэн отогт байгаа ба биеийн байдал сайн байна. Алга болсон 2 уулчин 3-р кемпээс дээш өгсөхдөө 2;2 хүчилтөрөгчтэй өгссөн” гэлээ.
Түүнчлэн тавдугаар сарын 13-ны өглөө зүүн оргил буюу 8600 м дтд орчим оргилоос бууж явсан уулчид тэдэнтэй таарсан бөгөөд “том биетэй хүн нь урдаа, туранхай нь хойноо явж байсан” гэсэн мэдээлэл өгчээ. Мөн тавдугаар сарын 13-ны үдээс хойш өөр авиралтын баг оргилын зүг явсан боловч балкон буюу 8400 м дтд орчмоос салхинд хөөгдөн буцсан байна.
Мөн С.Ганхүү “таамаглалаар манай хоёр уулчин Эверестийн оргил болон зүүн оргил 2-н дунд киллари хананы орчим л ямар нэгэн байдлаар үлдсэн гэж тооцоолж байгаа болно. 4-р кемпээс бүх уулчид, шерпа нарыг буулгаж 3 болон 2-р кемпүүдээр байрлуулсан байна. Эрэн хайх багийн 4 шерпа мөн 3-р кемп дээр бууж ирсэн” мэдээтэй байна гэлээ.