Засгийн газрын өнөөдрийн /2024.11.13/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцуулж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Эрүүл мэндийн салбарын цахимжилтын асуудлыг танилцууллаа. Өнгөрсөн онд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг баталж, энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ард иргэдэд хүндрэл, чирэгдэл учирч буй талаар 11 11 төвд гомдол санал их ирсэн байна. Жортой, жоргүй эмийн жагсаалтад ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй. Жортой олгох эмийг олон жилийн турш жоргүй олгосон. Одоо эргээд жортой олгож эхэлсэн нь иргэдэд хүндрэл учруулаад байгаа юм. Тиймээс Жор.мн хаягаас жоргүй эмнүүдийн мэдээллийг аваарай. Хэрвээ жоргүй авч болох эмийг авч чадахгүй байгаа бол 119 дугаарт залгаж болно. Мөн ижил төстэй найрлагатай эмүүд нь үйлдвэрлэгдсэн орноосоо хамаарч жортой, жоргүй хоёр янз байсан. Тэгвэл Хүний эмийн зөвлөлөөр тус 172 төрлийн ижил найрлагатай эмийн асуудлыг хэлэлцээд бүгдийг нь жоргүй олгохоор шийдвэрлэсэн.
Иргэд эмийн сангаас нэг эмээ авчхаад нөгөө авч чадахгүй хүндрэл мөн бий. Тухайлбал, эхний эмийн сан эмчийн бичиж өгсөн жорыг нь хураагаад авчхаар иргэн дараагийн эмийн сангаас эмээ авч чадахгүй байгаа. Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй 1100 эмийн санд цахим жорыг нэвтрүүлж, эмчээс эмийн жороо цахимаар бичүүлж аваад эмийн санд очоод кодоо хэлээд эмээ авч болохоор болгосон. Энэ ажил наймдугаар сараас эхлээд эмийн сангуудад нэвтэрсэн" гэлээ.
Тэрбээр мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг нэгдсэн халаалттай болгох саналыг Эрчим хүчний яаманд уламжилж, холбогдох албаныхантай хамтран ажиллаж эхэлсэн гэв.
ВИДЕО: