УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ хуралдаанаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо.
УИХ-ын гишүүн Б.Уянга: Баяжуулах үйлдвэрийг байнгын ашиглалтад 2024 оны гуравдугаар сард ашиглалтад оруулна гэж байна. Өмнө нь ашиглалтад оруулах боломж байна уу. Уг үйлдвэрийг яаралтай оруулж байж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргана. Тэр хэрээр бидэнд хэрэгтэй. Мөн 56.7 литр секунд усны хэрэглээг загийн усны хоолойгоос татаж 96.6 хувийн дахин ашиглана гэж байна. Ер нь газрын доорх усны хайгуулыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас хийсэн үү. Цаашид хайгуул хийх төлөвлөгөө байна уу. Цагаан цаваас 220 литр секундын ус татахаар төлөвлөж байгаа гэлээ. Түүн дээр ойроосоо ус авах боломж байна уу. Мөн "Эрдэнэс Тавантолгой"-н төв оффис Улаанбаатар хотод байгаад байдаг. Цаашид Цогтцэций рүү нүүх арга хэмжээ авах уу.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Мөнхжаргал: Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байрлах хуучнаар Мэргэжлийн хяналтын байрыг ашигла гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Ер нь 2025 ондоо багтаан үе шаттайгаар компанийн төв оффисыг нүүлгэхээр ажиллаж байна. Төсвийг суулгасан. "Эрдэнэс Тавантолгой" компани 100 хувь өөрийн санхүүжилтээр Шинэ суурьшлын бүсийг байгуулах зураг төслийг гаргасан. Улаанбаатар хотод амьдарч буй ажилтнуудын орон байр, гэр бүлийнхний сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэхгүй бол маш их хэмжээний зардал гарахаар байна. Тэгэхээр 2025 оноос үе шаттайгаар хийнэ. Шинэ суурьшлын бүс нь хөрөнгө оруулалт их шаардсан ажил. Тиймээс аймагтай нийлж ажлын хэсэг байгуулсан.
Баяжуулах үйлдвэрийн төсөл хариуцсан захирал Анхбат: Байнгын ашиглалтад авах хугацааг нааш нь татах боломж бий. Хамгийн түрүүнд шийдэх ёстой ажил бол арваннэгдүгээр сардаа багтаан улсын комисс ажиллуулах юм. Усны хайгуул, ашиглалттай холбоотойгоор уурхайн ордоо тойроод 200 км –ийн радиуст хайгуул хийх тендерийг зарласан. Тавантолгойн ордод усны хайгуул хангалтгүй хийгдсэн байдаг. Энэ судалгааны ажлыг нэлээн эрчимжүүлж байна. Ойролцоох 100 км-т ус байгаа үгүйг эцэслэн тогтооно. Энэ жилийн хувьд говийн бүсэд хур тунадас сайтай байсан. Үүнийг ашиглаад уурхайн эргэн тойронд хоёр хөв цөөрөм байгуулж, 4.5 сая мкуб ус цуглуулсан. Ирэх жилийн төлөвлөгөөнд энэ хөв цөөрмөө сайжруулж газрын гүн рүү алдахгүй, гадаргаас ууршихгүй байхад анхаарна. Гадаргын усыг уул уурхайн үйлдвэрлэлд тогтмол ашиглахаар бизнес төлөвлөгөөндөө оруулсан.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан : Та бүхэн Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах сайхан үйлдвэр барьсан нь үнэн. Гэхдээ Байгаль орчны үнэлгээг нь хараад гомдмоор байна. Маш их бохирдуулна, усгүй болно, нөхөн сэргээлт хийх ёстой гэсэн байгаль орчны үнэлгээ гарсан байна. Та бүхэн “Тэрбум мод” төсөлд 15 сая, өөр газарт дахиад мод тарихад 14 сая төгрөг тавьсан байна. Бас 14 худаг гаргаад түүн дээрээ тоолуур тавих юм байна. Ингэж болохгүй шүү дээ. Өөр ямар ч нөхөн сэргээлт алга. Загийн ус алга болбол яах вэ. Алтан говийн мөнгөн ой гэдэг маш үзэсгэлэнтэй газар. Тэндээс ус татаж байгаа мөртлөө нөхөн сэргээлт дээр нь ямар ч мөнгө тавиагүй байна шүү дээ. Сийрст багийн өчнөөн айлыг нүүлгэн шилжүүлсэн. Нүүлгэн шилжүүлэлтийн мөнгө нь үсрээд 10 сая төгрөг. Тэр хүмүүсээс ажилд авсан уу. "Эрдэнэс Тавантолгой"-д ажилд орж чадахгүй байна гээд нутгийн иргэд маш их гомдол байдаг. Хуулийн дагуу 48 цагийн дотор надад эргэж мэдэгдээрэй.