Казахстаны дипломат ажилтны эхнэр хүчирхийлэлд 10 жил зовж буйгаа мэдэгдсэн нь Олон Улсын хэвлэлүүдийн анхааралд оров

Казахстаны дипломат ажилтны эхнэр хүчирхийлэлд 10 жил зовж буйгаа мэдэгдсэн нь Олон Улсын хэвлэлүүдийн анхааралд оров

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сар /2023.11/-д 31 настай эхнэрээ Астана хотын нэгэн ресторанд хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн Казахстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын шүүх хурал энэ өдрүүдэд үргэлжилж, дэлхий нийт анхаарч байна. 

Тэгвэл Казахстаны өөр нэг төрийн алба хаагчийн эхнэр нөхрийнхөө хүчирхийлэлд олон жилийн турш зовж байгаа тухайгаа мэдэгдсэн нь олон улсын хэвлэлүүдийн анхааралд ороод байна.

Тодруулбал, Казахстанаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа элчин сайдын зөвлөхийн эхнэр мэдэгдэлдээ, "Би АНЭУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх Мамаш Сакен Ташкенбайулын эхнэр Мамаш Карина Госмановна байна. Би 10 жилийн турш хүчирхийлэлд өртсөн гэдгээ мэдэгдэж байна. Би нөхрийнхөө дипломат эрхийг хасуулж, хориулахыг хүсэж байна. Учир нь тэрээр надад бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны, эдийн засгийн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнийх нь төлөө шоронд орох ёстой" гээд өөрийн гэрэл зургуудаа нийтэлсэн байна. Тус мэдээллийн дараа Казахстаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба АНЭУ-д суугаа элчин сайдын зөвлөхийг Казахстанд дуудаж, хууль сахиулах байгууллагад тайлбар өгөх шаардлагатай гэж мэдэгджээ.