ВИДЕО: Тэжээвэр амьтад эзэнтэйгээ хамт үйлчлүүлж, хооллох боломжтой “Веган" хоолны ресторан Монголд үйл ажиллагаа явуулж байна

ВИДЕО: Тэжээвэр амьтад эзэнтэйгээ хамт үйлчлүүлж, хооллох боломжтой “Веган" хоолны ресторан Монголд үйл ажиллагаа явуулж байна

Тэжээвэр амьтадтайгаа зөвхөн гэртээ байх биш гадуур хамтдаа болзож, цагийг зугаатай өнгөрүүлэх боломж Монголд бий болжээ. Ингэхдээ бүр орц найрлагадаа мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй ч яг л бидний идэж дассан өдөр тутмын хоолыг зөвхөн ургамлын гаралтай орц найрлагаар хийдэг ресторанаар үйлчлүүлэх боломжтой болсон байна. Иймд бид энэ удаа эх дэлхийгээ хайрлаж байгальд ээлтэй хоол хүнсээр хооллохын зэрэгцээ, эрүүл мэндээ хамгаалах зорилгоор орчин үеийн залуус хайж, үйлчлүүлэх болсон “Foody” веган хоолны рестораныг онцолж, тус рестораны үүсгэн байгуулагч Б.Золжаргалтай ярилцлаа.

ВИДЕО:

-Яагаад заавал веган рестораныг Монголд нээх болов?

-Веган хоол гэдэг нь 100 хувь ургамлын гаралтай орц найрлагатай хоолыг хэлдэг шүү дээ. Ингэхдээ цагаан хоолноос ялгаатай нь амьтны гаралтай буюу мах, сүү, цагаан идээг орц найрлагадаа оруулалгүйгээр дан ургамалд суурилсан хоол хүнс хэрэглэхийг хэлээд байгаа юм. Мөн эрүүл хооллолтоос гадна гол нь амьтанд болон байгаль орчинд ээлтэй хооллолтод тооцогддог. Нэгдүгээрт амьтны амийг хөнөөгөөгүй. Хоёрдугаарт байгальд үзүүлэх нөлөө нь маш бага буюу усны хэрэглээ, хүлэмжийн хийн хэрэглээ, газрын хэрэглээ нь бусад хоолноос бага байдаг учир энэхүү веган хоолны газрыг Монголд нээсэн.

Мөн миний хувьд өөрөө веган хоол идээд 15 жил, мах идэлгүй 20 жил болж байна. Тиймээс энэ хоолны ач тусыг бие, сэтгэлээрээ мэдэрсэн учир хүмүүст түгээж мэдрүүлье гэсэн үүднээс үйл ажиллагаа явуулж байгаа. Манайх өөрөө үйлдвэрлэл, үйлчилгээгээ давхар явуулдаг учир энэхүү ажлууддаа нийт найман жилийг зарцуулж, ресторанаа нээгээд бол хоёр жил болж байна.

Гол нь дэлхий нийтээрээ ургамал суурьтай хооллолтыг хамгийн эрүүл, амьтанд ээлтэй гэдэг утгаар нь сонгож хэрэглэх болсон. Ялангуяа орчин үеийн залуус веган хоолыг хайж, дурлаж иддэг болсон. Ихэнх томоохон хотуудад веган ресторанууд хаа сайгүй байж байдаг. Зүгээр махан хоолны ресторанд нь хүртэл веган хоолны сонголт байдаг болсон. Мөн ганц хоолноос гадна гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт бүх зүйл дээр байгальд ээлтэй, амьтдыг хайрлах агуулга нь явж байдаг болохоор үүнийг монголд бас түгээх үүднээс, веган хоолны газрыг нээж, ажиллуулах хэрэгтэй л гэж боддог.

-Монголчуудын хувьд хүнсэндээ махыг түлхүү хэрэглэдэг. Мөн ургамлын гаралтай хоолны талаарх мэдлэг мэдээлэл хомс байдаг шүү дээ. Энэ нь монголд веганд хоолын ресторан ажилуулахад хэрхэн нөлөөлж байна вэ?

-Манайх гурван салбартай. Өмнө нь зуны улиралд их хүнтэй байгаад, өвөл нь үйлчлүүлэгч багасдаг байсан. Харин одоо улирал хамаарахгүйгээр жигд үйлчлүүлэгч ихтэй байдаг болсон. Ганц монгол гэлтгүй маш олон хөгжингүй орнуудад махны хэрэглээ маш их байдаг юм байна лээ. Тиймээс махны хэт их хэрэглээнээс үүсэх өвчлөл болон чихрийн шижин, зүрх судасны өвчнүүд хүмүүсийг яах аргагүй эрүүл мэнддээ анхаарах үндсэн суурь нь болж, хүмүүс хөнгөн хооллох сонирхолтой болчихсон. Ялангуяа дулааны улиралд хэт их биедээ ачаалал өгөлгүйгээр өлсөх мэдрэмж авахгүй хоол хурдан боловсордог. Ингэснээр ходоод гэдсээ хүнд ачааллаас сэргийлж чадаж байгаа юм. Манайд бол заавал цагаан хоолтон биш өдөрт иддэг хоёр хоолныхоо нэгийг веган болгочихсон эсвэл долоо хоногт 2,3 удаа веган хоол идэж байгаа үйлчлүүлэгчид ихэнх хувийг нь эзэлдэг. Энэ талын хооллолт монголчуудын дунд ер нь нэлээд түгээмэл болж байгаа нь харагдаж байгаа.

-Ургамлаар ямар ямар хоол хийдэг вэ?

-Манайх нэлээд олон нэр төрлийн хоол болон тахиа, гахай, загасны махыг хүртэл ургамлын гаралтай мах орлуулагч ашиглан хийдэг. Мөн өндөг, хиам зэргийг ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр бэлтгэдэг.

-Жуулчид их ирдэг үү?

-Жуулчид маш их ирдэг. Ер нь улс орнуудын веган хоолны газраар жуулчид их байдаг юм байна лээ. Мөн монголд ирж байгаа гурван хүн тутмын нэг нь мах иддэггүй хүмүүс байна гэх судалгаа байсан. Бас монгол мах жаахан хүнд, үнэртэй учраас “ногоогоо саначихлаа” гэсэн жуулчид их ирдэг.

-Танайд тэжээвэр амьтадтайгаа сууж үйлчилгээ авч болдог гэсэн үү?

-Тийм ээ. Бид хүнийг хайрлахын хажуугаар бидэнтэй зэрэгцэн оршиж буй амьтдад ээлтэй байх, тэдэнд хайртай байх хэрэгтэй. Энэ нь веган хоолны гол философи шүү дээ. Тиймээс бид гэртээ хамт амьдарч буй гэр бүлийн гишүүн болсон тэжээвэр амьтадтайгаа хамтдаа ирж хооллох боломжийг олгодог. Мөн зөвхөн хүнээс гадна амьтдын веган хоолыг зардаг. Тэгэхээр ургамлын гаралтай амьтны хоол гэж байдаг.

Бид ихэвчлэн хүнд зориулсан зүйлс хийгээд байдаг. Гэтэл тэжээвэр амьтад бидний амьдралаар хамтдаа амьдардаг хэр нь тэдэнд нийгэмших боломж байдаггүй. Тэгэхээр хамгийн гол нь амьтадтайгаа гэртээ байгаад байх биш гарч хамтдаа сууж, хооллох боломжийг олгосон маш гоё орчин байгаасай гэж хүсэж, энэ үйлчилгээг үзүүлдэг.