Э.Одгэрэл: Миний хувьд өвлийн идшиндээ ааруул, аарц, өрөм, цагаан тос, шар тос бэлддэг

Э.Одгэрэл: Миний хувьд өвлийн идшиндээ ааруул, аарц, өрөм, цагаан тос, шар тос бэлддэг

Мөнхийн залуу тодотголтой, топ модель Э.Одгэрэлийн дотоод ертөнцийн нэгээхэн хэсгээр зочилж, биеийн жингээ барих нууц, хооллолтын хэв маяг, эрүүл мэнд, эерэг хандлагын тухай ярилцсанаа хүргэж байна.

Өглөөний мэнд Одгэрэл эгчээ. Загвар өмсөгчдийг арьсаа амраахын тулд илүү их унтдаг гэж боддог байсан. Харин таны өглөө эрт эхэлж байна шүү.

Би өглөөг эрт эхлүүлэх дуртай. Эрт босоод, дасгалаа хийчихвэл тухайн өдрийнхөө ажлын талыг амжуулчихсан юм шиг санагддаг. Ажлын онцлогоос шалтгаалаад, оройтох шаардлага тулгардаг ч, аль болох эрт унтаж, эрт босохыг хичээдэг. Загвар өмсөгчдийн хувьд, харин ч эрт босдог гэж боддог шүү. Өглөөний зураг авалтад орохын тулд нүүр будуулж, үс засуулахын тулд үүр шөнөөр ч будуулаад суух үе зөндөө. Жирийн өдрүүдийн хувьд, би  балетын бэлтгэлдээ 6:30-д ирэхийн тулд, өглөө 05:00 цагт сэрдэг. Мэдээж эрт босохын тулд өмнөх өдөр нь бүх ажлуудаа эрт амжуулаад, гэртээ ирж, оройн хоолоо эрт идээд, 10 цагт амарсан байх ёстой гээд л, амьдралын зөв хэмнэлтэй, сахилга баттай байхыг хичээгээд л явж байна даа.

Таны бэлтгэл дуусчихсан юм шиг байна. Өнөөдрийн хувьд дараагийн төлөвлөсөн ажил нь юу байгаа бол?

Өнөөдөр эрт илрүүлэгт орох гээд NURA төвд цаг авсан байгаа. Эндээс ойрхон тул алхаад явчихъя гэж бодож байна.

Эрт илрүүлэг гэдэг харьцангуй шинэ ойлголт. Ер нь эрт илрүүлгийн талаар сэтгэгдлээ хуваалцаач.

Хүн бүр гадагшаа дотогшоо аялна, машинаа өөрчилнө, шүдээ эмчлүүлнэ зэргээр төлөвлөдөгтэйгөө адилхан, эрт илрүүлгийг жилийн төлөвлөгөөндөө оруулах ёстой юм шиг санагддаг. Саяхан нэг мэдээ үзэж байхад “Тэтгэврийн мөнгө эмэнд хүрэхгүй байна” гэж нэг биш, нэлээн олон хүн ярьж байхыг сонссон. Мэдээж эм уух ёстой хүмүүс бий. Тэр бол тусдаа асуудал. Гэхдээ нийтээрээ эм уудаг, байгаа мөнгөө эмэнд зарцуулдаг баймааргүй байна. Залуу наснаасаа амьдралынхаа хэв маягийг өөрчилж, хөдөлгөөн, алхалт, хоол хүнсэндээ анхаарал хандуулж, жил бүр эрт илрүүлэгт хамрагдвал тэр эмчилгээндээ зарцуулах байсан мөнгөө өөрийн хүссэн, дуртай зүйлдээ зарцуулбал  хэчнээн гоё билээ дээ.

Таны хооллолт талаар олон хүн сонирхож байгаа байх. Таны хөргөгчид байнга байдаг хүнс бидэнд харуулж болох уу? Эрүүл хооллолтын нууцаасаа бидэнтэй хуваалцаач?

Надад хооллолтын нууц байхгүй ээ. Айхтар барьдаг дэглэм ч байхгүй. Хүмүүсийн өдөр тутамдаа иддэг бүх л хоолыг иддэг. Магадгүй зарим хүмүүсийн иддэг хэмжээнээс арай бага иддэг байх. Харин хөргөгчний тухайд хүмүүс өвлийн идэш гэж үхэр, хонины мах бэлддэг бол, миний хувьд өвлийн идшиндээ ааруул, аарц, өрөм, цагаан тос, шар тос бэлддэг. Би чинь ээжийнхээ нэлээн хойно төрсөн отгон охин. Ээж маань надад нэг өнжөөд л тараг бүрж өгдөг байсан болохоор би одоо хүртэл тараг, ааруулд дуртай хэвээрээ. Одоо өдөр бүр тарагаа бүрээд ууж чадахгүй болохоор,  үнээний цэвэр сүүгээр хийдэг, пробиотик агуулсан Активиа хэрэглэж байгаа.

Топ модель Э.Одгэрэл

Одоо ч цагаан идээг хэрэглэдэг хүн цөөхөн болсон байхаа. Олон хүн үлгэр дуурайл авна гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл таны хувцаслалтын талаар сонирхмоор байна. Төсөөллөөр бол хэдэн өрөө загварын хувцас байдаг байх. Гэхдээ энэ бүхнээс хамгийн үнэтэй гэвэл ямар хувцсыг нэрлэх вэ?

Би чинь маш энгийн хүн шүү дээ. Надад хувцасны өрөө ч байдаггүй. Ер нь хувцас хэрэглэлд дурлах үе өнгөрсөн гэж дүгнэдэг. Олон янзын түүх агуулсан, өндөр үнэтэй гэхээсээ илүүтэйгээр,  надад 22 жил болж байгаа энэ энгийн загвартай шаргал ноосон цамцаа л хамгийн үнэ цэнтэй гэж хэлнэ. Тийм ч их дурсамж, түүх өгүүлэхгүй ч, дулаахан, тухтай мэдрэмж төрүүлдэг болохоор байнга өмсдөг. 22 жилийн өмнөх “Говь” үйлдвэрийн алтан утсаар шивсэн, ямааны шошго нь гоё байгаа биз дээ. Хими цэвэрлэгээнд өгөхдөө хүртэл “Эгчийнхээ цамцны энэ хэсгийг нь унагааж болохгүй шүү” гээд захиж хэлдэг. Тэгэхээр юмны үнэ цэн гэдэг юунд ч байж болно, асар үнэтэй эдлэл, сэтгэлд дулаахан цамц, дурсамж өгүүлэх жижигхэн ч зүйлд байх боломжтой.

Анх загварын тайзнаа моделийн карьераа эхлүүлж байсан Одгэрэл, одоогийн Одгэрэл хоёрын хооронд асар их ялгаа байгаа байх. Тэгвэл тэр үеэс огт өөрчлөгдөөгүй зүйл гэвэл юуг нэрлэх үү?

Нээрээ олон зүйл өөрчлөгдсөн байна. Гэхдээ огт өөрчлөгдөөгүй зүйл гэвэл би чадлаараа хичээдэг хэвээрээ байгаа юм уу даа. Ойлгож, хийж чадахгүй зүйлээ болгох гэж бүхий л боломжоороо болгох гэж хичээдэг. Хичээдэг зан минь үр дүн, амжилтад хүргэдэг гэдэгт итгэдэг.

Таны хичээл зүтгэл хийсэн ажлуудаас тань үнэхээр харагддаг шүү. Ер нь тэгвэл зөв сайхан амьдрах гэдэг нь таны бодлоор

Бид ямар нэгэн зүйлд хэн нэгэн буруутай юм шиг ханддаг. Хэн нэгэн өөрчлөх ёстой юм шиг хүлээдэг. Гэрэлтэй, цэвэрхэн хотод амьдрахыг хүсдэг хэрнээ, гудамжинд хаясан хогийг хараад л өнгөрдөг. Хүмүүстэй харилцахдаа ч гэсэн бөөн хүлээлт. Зүгээр л ямар ч хүнтэй эелдэг зөөлөн ярилцаж, хүнд урмын үг харамгүй өгч яагаад болохгүй гэж. Тиймээс би өөрийнхөө хэмжээнд хэн нэгнийг хүлээж, гомдол тавихгүйгээр, хүссэнээрээ эелдэг харилцаж, бусдад эерэг сайхныг түгээж, өөртөө зөв байх гэж, илүү сайн байх гэж хичээсээр байгаа.

Бидэнд өнөөдөр цагаа зарцуулсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

Энэ өглөөг надтай хамт угтсанд баярлалаа. Өглөөний гайхалтай сайхан тунгалаг нарыг хамтдаа харж, шувуу жиргэсэн сайхан өглөөг хамтдаа угтах таатай байлаа. Ажлын амжилт хүсье.