Хүний эрхийн 1400 гаруй сургагч багш бэлтгэжээ

Хүний эрхийн 1400 гаруй сургагч багш бэлтгэжээ

Олон нийтийн хүний эрхийн боловсрол, энэ талаарх мэдлэг, ойлголтыг нь сайжруулах шаардлагатай талаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос мэдээллээ.

Үүнтэй холбоотойгоор байгууллага, аж ахуйн нэгжүүд, албан хаагч, ажилтнуудынхаа хүний эрхийн боловсрол, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх хүсэлтэй бол ХЭҮК-т албан бичиг илгээхийг зөвлөв. Тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу тус комиссынхон хүний эрхийн сургалтаа үнэ төлбөргүй явуулах боломжтой юм байна.

Түүнчлэн ХЭҮК-ынхон 2022 оноос эхлэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж эхэлжээ. Одоогоор 1400 гаруй сургагч багш бэлтгээд буй гэнэ. Тэд ажиллаж буй байгууллага, салбартаа хүний эрхийн сургалт явуулж, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах үүрэгтэй аж. “Сургагч багш болсноос хойш хоёр жил орчмын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд 40 гаруй сургуульд 70-80 цагийн сургалт явуулсан. Өнөө цагт нийгмийн бүх харилцаанд, бүх салбарт хүний эрх зөрчигддөг боллоо. Миний хувьд хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ гэсэн зарчим баримталж ажилладаг. Бид сургалт явуулах байгууллагынхаа ажилтан, албан хаагчдыг эхлээд сургалтад хамруулдаг юм. Энэ судалгаанд оролцогчдын, ялангуяа хүүхдүүдийн 70-80 хувь нь хүний эрх гэж мэддэггүй.

Харин 1-2 удаа сургалт явуулсны дараа хандлага нь өөрчлөгдөж, мэдлэг, ойлголт нь 60-70 хувиар дээшилдэг давуу талтай. Гэхдээ цаашид хүний эрхийн боловсролыг нэг удаагийн сургалтаар олгох бус, тасралтгүй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ерөөсөө үндэстнээрээ хүний эрхийн мэдлэг, ойлголтоо сайжруулах шаардлагатай байна. Үүнд бүх салбар, чиглэлийнхэн шат шатандаа анхаарах хэрэгтэй” гэж ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, сургагч багш Б.Ардак хэллээ