Ираны ерөнхийлөгчийн сонгуульд "Шинэчлэлийн жигүүр"-ээс нэр дэвшигч, 69 настай Пезешкиан ялалт байгууллаа

Ираны ерөнхийлөгчийн сонгуульд "Шинэчлэлийн жигүүр"-ээс нэр дэвшигч, 69 настай Пезешкиан ялалт байгууллаа

Өнгөрсөн тавдугаар сард Ираны ерөнхийлөгч Ибрахим Раиси болон түүний төлөөлөгчид нисдэг тэрэгний ослоор нас барсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Тус улсын ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн зургаадугаар сарын 28-нд зохион байгуулагдсан ба "Шинэчлэлийн жигүүр"-ээс нэр дэвшигч Масуд Пезешкиан Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ялж, тус улсын ес дэх Ерөнхийлөгч боллоо гэж Ираны сонгуулийн хорооны дарга Мохсен Эслами мэдэгдлээ.

Тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нийт 30 сая 573 мянга 931 санал тоологдож, сонгогчдын ирц 49.8 хувьтай байсан байна.

Өдгөө 69 настай М.Пезешкиан бол шинэчлэгч үзэлтэй улстөрч бөгөөд Ираны парламентын сүүлийн таван чуулганы гишүүн юм. Эмч мэргэжилтэй тэрбээр Ираны Ерөнхийлөгч Мохаммад Хатамигийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд (2001-2005) Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байжээ. Өмнө нь хоёр удаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан хэдий ч энэ удаагийн сонгуульд анх удаагаа хоёр дахь шатанд шалгарсан байна. 12 жилийн өмнө тэрбээр сонгуулийн өрсөлдөөнөөс өөрөө гарч байсан бол 2021 онд түүнийг Ираны ажиглагчийн зөвлөлөөс (сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг парламентын дээд танхим) сонгуульд оролцохыг зөвшөөрөөгүй байна.