Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар үргэлжлүүлэх эсэхийг МАН Бага хурлаараа эцэслэх бол, амралтын өдрүүдэд АН-аас хэн сайд болох тохироо хийгдэнэ

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар үргэлжлүүлэх эсэхийг МАН Бага хурлаараа эцэслэх бол, амралтын өдрүүдэд АН-аас хэн сайд болох тохироо хийгдэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстаны нийслэл Астана хотод болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад оролцоод өнгөрөгч шөнө /2024.07.04/ эх орондоо хүрэлцэн ирсэн. 

Түүнийг ШХАБ-ын уулзалтад оролцож байх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “хамтарсан Засгийн газар”-ынхаа бүтцийг зурж, нөгөө талд сонгуулийн өмнө л “засагт хамтарна” гэж яригдаж байсан АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр /2024.07.04/ хуралдаж “засагт орно” гэж  шийдвэрлэсэн гэх албан бус мэдээлэл явж эхлээд байна. Товчхондоо, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг эх орондоо ирэхээс урьтаж аль, аль нь хэлэх үг, хийх ажилтай болж байгаа нь энэ юм. 

-ҮБХ-НЫ ХУРАЛДВАЛ Л.ГАНТӨМӨР ОГЦОРЧИХ ГЭЭД БАЙГАА ТУЛ ЗАСГИЙН ГАЗАРТ ОРОХ АСУУДЛАА АН-ЫН БҮЛЭГТ ХЭЛЭЛЦЭЭД ШИЙДВЭРЛЭЕ ГЭЖЭЭ-

Харин өчигдөр хуралдсан АН-ын Улс төрийн зөвлөлийн хуралд тус зөвлөлийн нийт 55 гишүүний 46 нь оролцсон байна. Харин энэ хурлыг тус намын зарим гишүүд, “засагт хамтрах сургаар хоосон хоцорчих вий гэсэн хэдэн хууччуул идэвх гаргаж байна” хэмээн тайлбарлаж байгаа юм. Л.Гантөмөр, О.Цогтгэрэл нар “Засгийн газарт хамтрах” шийдвэрээ УИХ дахь АН-ын бүлгээрээ ярилцаад шийдэх төлөвлөгөөтэй байж.

Үнэндээ, АН-ын засгийн газарт хамтрах эсэх шийдвэрийг Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны 500 орчим гишүүд нь хуралдаж гаргах ёстой. Гэтэл ҮБХ-ны хурал нь зарлагдвал АН засгийн газарт орох нь битгий хэл Л.Гантөмөр өөрөө огцорчих гээд байгаа тул УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийнхээ дунд санал хураагаад шийдвэрлэе гэсэн нь энэ аж.

Учир нь засгийн газарт АН хамтарсан тохиолдол Л.Гантөмөр шадар сайд болох тодорхой байгаа юм. Иймд тэд АН-ын ҮБХ-ны хурлыг хуралдуулахгүй байгаа аж. Тэгвэл өчигдөр /2024.07.04/ хуралдсан АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар “Засгийн газарт хамтрах хэлэлцээ хийх эрх”-ийг Л.Гантөмөр өгөөд завсарласан байна. Мөн тус хурлын УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар “Засгийн газарт хамтарч болохгүй” гэсэн байр суурийг илэрхийлж байжээ. 

-ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 21-23 САЙДТАЙ БАЙЖ МАГАДГҮЙ БАЙНА-

Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын бүтэц Англи, Канад, Шинэ Зеландын засгийн газрын бүтэцтэй адилхан бүрдэнэ гэх мэдээлэл бий. Үнэндээ эдгээр улсуудын засгийн газар 20-оос дээш тооны яам, сайдаас бүрддэг. Иймд АН, ХҮН засгийн газарт хамтарсан тохиолдол 8-9 яам, сайдын албан тушаал өгч, МАН дангаараа 13-14 сайдтай байж магадгүй байгаа. Учир нь Л.Оюун-Эрдэнийн хувьд “МАН засгийн газрын гишүүдийн 60 хувийг бүрдүүлж үлдсэн гишүүдийг бусад намаас авна” гэсэн байр суурьтай байгаа гэх мэдээлэл бий. 

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа бүтцийг бэлдсэн байж магадгүй байгаа бөгөөд удахгүй У.Хүрэлсүхэд танилцуулж, санал солилцоно гэсэн үг. Ингээд үүний дараа аль яамыг АН, ХҮН намын хэнд нь өгөх, хэнийг сайдаар томилох зэрэг хэлэлцээ, тохироо явагдаж, ингээд Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилно.  

Учир нь Үндсэн хуулийн 39.4-д “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан.  Тэгвэл АН болон ХҮН намуудад аль яамыг хариуцуулах талаар нарийн мэдээллийг МАН-аас өгөөгүй гэх ба магадгүй энэ хэлэлцээ нь ирэх амралтын өдрийн Бямба, Ням гарагт болно гэх мэдээлэл байна. Харин өнөөдөр /2024.07.05/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн томилох, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын дэд даргаар хэнийг томилох гэсэн гурван асуудлыг хэлэлцэх аж. 

-АН-Д ТАВАН ЯАМ, ХОЁР САЙДЫН СУУДАЛ САНАЛ БОЛГОСОН, НЭМЖ ДАХИН НЭГ ЯАМ АВАХ САНАЛ ТАВЬСАН БАЙЖ МАГАДГҮЙ БАЙНА-

Мөн АН-ын бодлогын хэмжээний зарим эх сурвалжууд, “Эрүүл мэнд, Барилга хот байгуулалт, Хөдөлмөр нийгмийн хамгаалах, Хууль зүй дотоод хэргийн яам /Хууль зүй, Дотоод явдлын яам гэж салгаад аль нэгийг нь/, Уул уурхай яам гэсэн таван яамнаас гадна Спорт хариуцсан сайд, Шадар сайд гэсэн хоёр сайдын албан тушаалыг санал болгосон. Харин АН-ын зарим удирдлагууд дахин нэг яам нэмж авах санал тавьсан” гэх мэдээллийг өгч байна. Мөн УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүдээ Засгийн газрын гишүүнээр томилуулахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн нь жагсаалтаар парламентын гишүүн болсон ч сайд болох мөрөөдөлтэй зарим гишүүдийнхээ эсэргүүцэлтэй Л.Гантөмөр тулгараад байгаа аж.