ХАМАС, Израилын талууд хэлэлцээний ширээний ард суух чин хүсэл эрмэлзлээ харуулах хүртэл Катар улс Газын зурваст гал зогсоох хэлэлцээрт зуучлах үүрэг гүйцэтгэхээ түр зогсооно гэж Ройтерс агентлагт энэ талаар мэдээлэл бүхий албаны хүн бямба гарагт мэдээлжээ.
Тодруулбал энэ нь дайн эхэлснээс хойш эвлэрэл тогтоох хүчин чармайлтад гарсан хамгийн том ухралт болж байгаа бөгөөд Катар нь АНУ, Египетийн хамтаар Газын зурваст бүтэн жилийн турш үргэлжилж буй дайны галыг зогсоох хэлэлцээнд гол үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Мөн аравдугаар сарын дундуур болсон хамгийн сүүлийн шатны хэлэлцээний үеэр ХАМАС холбогдох саналыг хүлээн авахаас татгалзсанаар тохиролцоонд хүрч чадаагүй юм. “Талуудын аль аль нь шийдэлд хүрэхийг чин сэтгэлээсээ эрмэлзэж байгаа тохиолдолд л зуучлах боломжтой гэж катарчууд зөрчил мөргөлдөөн эхэлснээс хойш мэдэгдсээр ирсэн” гэдгийг албаны хүн дурджээ.